Эмгэгийн дэлгэрэнгүй мэдээлэл

Элэг хэвлийн баруун дээд хэсэгт өрцний дор байрлана. 1200-1400 гр жинтэй. Элэгний уг болон арын багахан хэсгээс бусад нь бүх талаараа хэвлийн гялтангаар хучигдана. Элгийг хучигч глиссон гэр гэх холбогч эдэн бүрхүүл элэгний цуллаг руу орж салбарласан байдаг. Элгийг бүтэц зүйгээр баруун, зүүн дэлбэн болон зүүн дэлбэнгийн доод гадарт байх дөрвөлжин, сүүл хэлбэрийн дэлбэн гэсэн дөрвөн хэсэгт хувааж үзнэ. Элэгний доод талд байх гүн ховилыг элэгний уг гэх ба түүгээр үүдэн вен, элэгний артери, мэдрэлийн судлууд элэг рүү орж цөсний ерөнхий цорго, тунгалагийн судаснууд элэгнээс гардаг.

Элэг уураг, нүүрс ус, өөх тос, фермент, аминдэм, ус эрдэс нөсөөний солилцоо, цөсний шүүрэл ялгаралтанд гол үүрэгтэйгээс гадна бодис, гадны биетийн нөлөөнөөс бие махбодийг хамгаалах дотоод орчныг тогтмол байлган биеийг хоргүйжүүлэх зэрэг амин чухал үүргүүдийг гүйцэтгэнэ.

Шим тэжээлийн бодисын солилцоонд оролцдог үүргийн талаарх мэдээллийг товч дурдахад: Бодисын солилцоонд оролцож буй амин чухал үүргүүдийн нэг нь уураг, илчлэгийн солилцоо юм. Хэрэв уургийн дутагдалтай байвал тухайн хүн тэжээлийн, ялангуяа уураг, илчлэгийн дутагдалд орно. Ингэснээр тураалд ордог. Элэг тайван байх үедээ илчлэг бодисын солилцооны 19 хувийг хэрэглэдэг. Харин элэгний архаг өвчлөлтэй болвол уураг илчлэгийн дутагдал 34-82 хувийг эзэлдэг. Энэ их тэжээлийн дутагдлын улмаас жин буурдаг, дархлаа эрс суларч, хоёрдогчоор халдвар авах эрсдэл үүснэ. Дараагийн чухал үүрэг нь өөх, тосны солилцоонд оролцох. Элэг нь цөс ялгаруулж, өөх тосыг боловсруулж, тосонд уусдаг A, E, D, K амин дэмийн шимэгдэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв элэг цөс ялгаруулж чадахгүй бол өөх тосны солилцоонд асуудал үүснэ.

Цусан дахь холестеролын түвшин хурдан буурах нь элэгний эсийн тэжээлийн хурц дутагдал, өвчний муу тавиланг илтгэдэг. Элэгний эмгэгийн үед А, Д амин дэмийн дутагдал 40 хувь, B бүлгийн амин дэмийнх 8-10 хувь, фолатынх 17 хувь тохиолддог.
Нүүрс усны солилцоонд дараах байдлаар оролцоно. Хооллолт хангалттай хүмүүст элгэнд 10 хувь, булчинд 2 хувь глюкагон агуулагдана. Харин элэгний эмгэгийн үед гликогенээс глюкоз үүсэлт буурч, глюконеогенез эрчимжиж, глюкозын захын хэрэглээ буурна. Ингэснээр хоёрдогчоор чихрийн шижингийн асуудал үүсдэг. Элэгний эдэд глюкагон багассаны улмаас элэгний үйл ажиллагаа алдагдаж, өөх тос хуримтлагдан элэг өөхжинө.

Гепатит гэдэг үг нь элэгний үрэвслийг хэлдэг. Гепатитын ихэнх хэлбэрүүд нь вирусын халдвараас үүдэлтэй (Гепатит А, B, C, D гэх мэт) боловч зарим тохиолдолд энэ нь аутоиммун эмгэгээс үүдэлтэй бөгөөд бие махбодийн дархлааны систем нь хортой түрэмгийлэгч, элэгний эрүүл эдийн ялгааг хэлж чадахгүй тул элэгний эсэд халддаг. Архи хэтрүүлэн хэрэглэх, хорт бодис, зарим эмнээс элэг гэмтэх нь үрэвсэл үүсгэдэг. Зарим бодисын солилцооны удамшлын өвчин нь үрэвсэл, гепатит үүсгэдэг бөгөөд цөсний урсгалыг удаан хугацаагаар саатуулдаг. Элэгний үрэвслийн зарим хэлбэр нь бага зэргийн шинж тэмдэг үүсгэдэг бол зарим нь ноцтой эсвэл амь насанд аюултай байж болно. Маш олон гепатиттай хүмүүсд шинж тэмдэг илрэхгүй, халдвар авснаа мэдэхгүй явдаг. Халдвар авснаас хойш 2-6 сарын дараа шинж тэмдэг илэрч болно.

Харин шалтгаан тодорхойгүй, гаммаглобин, аутоэсрэгбие цусанд ихэссэн, бүтэц зүйд элэгний гурвал орчим болон түүнээс их хэмжээний үрэвсэлтэй, ихэнх тохиолдолд дархлал дарангуйлах эмчилгээнд сайжирдаг  элэгний архаг үрэвсэлт өвчнийг аутоиммун дархлаат гепатит гэнэ.

Элэгний үрэвслийн  үед элэг томорсоноос бүрхүүлээ тэлэн хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх, ходоод гэдэсний хямрал буюу хоолонд дургүй болох, дотор муухайрах, гэдэс дүүрэх, цанхайх, мэдрэл сульдан, амархан ядарч нозоорох, нойр хүрэх, толгой өвдөх, орчны сонирхол буурах, нойр хямрах, анхаарал үл төвлөрөх, уймараа болох, хөлрөмтгий болох, хамар, буйлнаас цус гарах, цусархаг тууралт гарах, алаг улайх, судаслаг од биеэр гарах, турах, арьс шарлах, хуурайших, загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Элэг гэмтээгч вирусийн маркерийг тодорхойлсноор өвчний шалтгаан, вирусийн репликацийг тодорхойлж, эмчилгээг шийдэх ач холбогдолтой.

Вирусийн шалтгаант архаг гепатитийн идэвхжил, илрэх шинж бусад эрхтэн, тогтолцооны өөрчлөлт зэргийг харгалзан эмчилгээг хийнэ.

B,C,D вирусийн элэгний архаг үрэвслийн эмчилгээнд эмгэг жамын интерферон, нуклеозидийн үнсэн эмчилгээ ба эмчилгээний явцад үүсэх гаж нөлөө засах шинж тэмдгийн эмчилгээнүүд хийнэ.

Аутоиммун гепатитийн үед шалтгаан тодорхойгүй тул  өвчний идэвхжил, гарах шинж, дагалдах эмгэг зэргийг харгалзан суурь эмчилгээний хамт хийнэ.

 

 

Хошуу тариа, сагадай, бог будаа зэрэг бүхэл үрийн тариа ахиухан хэрэглэнэ. Тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна. Нимбэг, хүрэн манжин байнга хэрэглэх хэрэгтэй. Тараг, жимс, хүнсний ногоо тухайлбал, цангис жимс, инжир, үзэм, хар чавга, буйлсийн жимс, банан, алим, усан үзэм, өргөст хэмх, таримал гоньд, яншуй, хулуу, улаан лооль, лууван, зөгийн бал, сонгино, сармис, хушга, шар гаа, хар перец идэж байх.

 

Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Өөх тос 80-90гр, нүүрс-ус 400-450гр агуулсан, илчлэг 2700-3000 ккал, цөсний урсалтыг хэвийн байлгаж, элэгний үйлийг хөнгөвчлөхийн тулд чанаж жигнэсэн халуун хоолоо бага багаар олон удаа (хоногт 5-6 удаа) идэх хэрэгтэй. Өөх тос, давс хязгаарлах, хоолыг аль болгох буцалгах, жигнэх,  шарж хуурахгүй, тvvхий, дутуу боловсруулсан хоол хvнс, нөөшилсөн, даршилсан, давсал­сан, цуу болон хурц, халуун хоол амтлагчаар амталсан хоол хvнсийг хориглоно.

Yйлдвэрийн аргаар боловсруулсан хоол хэрэглэхгүй байх. Энэ нь байгалийн гарал, төрөлх шинжээ алдсан, хэт хиймэл, хvнсний тогтворжуулагч, нөөшлөгч, дvvргэгч зэрэг олон химийн бодис агуулсан байдаг тул шингэц муу, элэгний ачааллыг ихэсгэх, хордуулах зэрэг сөрөг муу талтай. Хиам, давсалж утсан мах, давстай боов талх, давстай рашаан ус хэрэглэхийг хориглох хэрэгтэй.

Архи хэрэглэхгүй байх. Элэг архийг биед оронгуут нь задалдаг. Гэтэл элэгний цэвэрлэж чадах архины хэмжээ хязгаартай байдаг ажээ. Энэ хэмжээ хэтэрвэл элэг тэр их архийг цэвэрлэхийн тулд хамаг хүчээ зарцуулдаг бөгөөд бусад үйл ажиллагаа нь зогсож хоол хүнсээр орж ирж байгаа эсвэл өөр замаар орж байгаа хорыг цэвэрлэхээ түр зогсоодог.

  • Биеийн хүчний хүнд ачаалал, үсрэх гүйх доргих зэргийг хягаарлаж хөнгөн хэлбэрийн эрүүлжүүлэх дасгал хийх
  • Хэвийн биеийн жингээ хадгалах
  • Элэгний В вирустэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохгүй байх.
  • Бүх хүнсний бүтээгдэхүүнийг сайтар цэвэрлэж, эрүүл, шинэ хүнс хэрэглэх,
  • Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх, тариа хийлгэхдээ нэг удаагийн тариурын бүтэн байдлыг шалгах,
  • Хортой орчинд ажиллахыг хориглох, бие сэтгэлийн ачаалалгүй байлгах,
  • Гараа тогтмол савантай усаар, 3 минутын турш угаах
  • Гэр бүлийн гишүүн тус бүрийн аяга, халбага, алчуур хэрэгсэл тусдаа байх

Суурь эмчилгээнд хэрэглэх эм эмчилгээ

Аутоиммун гепатитийн үед преднизолон эмчилгээнд ашиглана. Удаан хугацаагаар үргэлжлүүлэхэд гаж нөлөө ихтэй тул тунг багасган азатиопринтэй хавсран хэрэглэж болно. Кортикостероидын шинэ үеийн эм болох будесонидийг уухад гаж нөлөө багатай, элгэнд ихээр хуримтлагдаж эмгэг лимфоцитэд нөлөөлдөг.

Вирусийн элэгний архаг үрэвслийн эмчилгээнд: эмгэг жамын интерферон, нуклеозидын үндсэн эмчилгээ ба эмчилгээний явцад үүсэх гаж нөлөө засах шинж тэмдгийн эмчилгээнүүд хийнэ. Доорх төрлийн интерферон, нуклеозидууд клиникийн практикт хэрэглэж байна.

 

Интерферонууд

IFN-altha -2a recombinant

IFN-alpha -2b recombinant

Interferon Alfacon-1

IFN-alpha-N3

IFN-beta-1a

IFN-beta-1b

IFN-gamma-1b

Peginterferon -alpha-2a

Peginterferon -alpha-2b

Нуклеозидууд

Lamivudine: ХДХВ халдварын үед урвуу транскрипцийг дарангуйлах нөлөөтэй. Мөн бага концентрацтай HBV-ийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг.

Adefovirr dipivoxil (9-(2-phoshonyl-methoxyethyl)-adenine) 

Вирусийн эсрэг өргөн үйлдэлтэй ациклик аденин нуклеозидын аналог юм.

Энэ нь герпесвирус, ретровирус, гепаднавирусыг дарангуйлдаг. Судалгаагаар HBV-ийн эсрэг ихээхэн идэвхжилтэй болохыг харуулсан.

Ganciclovir: В вирусийн репликацийн эсрэг үйлдэлтэй

Famciclovir: Ихэвчлэн энгийн херпес вирусйин 1 болон 2-р хэв шинжийн үед эмчилгээнд ашигладаг. Famciclovir нь тогтвортой тул эмчилгээ хийхэд тустай.

Entecavir: Гепатит В вирусын хүчтэй, сонгомол дарангуйлагч болох гуанин нуклеозидын аналог юм.