Эмгэгийн дэлгэрэнгүй мэдээлэл

Уушги бактери, вирус, мөөгөнцөрөөр халдварлаж үрэвсэхийг уушгины хатгалгаа хэлнэ. Энэ нь ямар ч насны хүмүүст тохиолдож болох ч бага насны хүүхдүүд, 65-аас дээш насны хүмүүс, зүрхний өвчин, чихрийн шижин, уушгины архаг өвчин зэрэг суурь эмгэгтэй хүмүүст түгээмэл тохиолдож илүү хүндээр өвдөх эрсдэлтэй байна.

2018 оны байдлаар монгол улсад өвчлөлийн тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт амьсгалын тогтолцооны өвчлөл орж байгаагаас хатгалгаа, цочмог бронхит болон бронхиолит дийлэнх хувийг эзлэж байна. 2018 оны байдлаар 10,000 хүн амд уушгины хатгалгааны 321 тохиолдол  бүртгэгдсэнээс 1/5 нь таваас доош насны хүүхдүүд байна.

Хатгалгааг эмчлэхгүй удаан хугацаанд явах, дур мэдэн гэрээр эмчилгээ хийх, эмчилгээг дутуу хийх зэрэг нь хүндрүүлэх шалтгаан болох ба амь насанд ч аюултай өвчин юм.

Зураг 1. Улаанбаатар хотын хүн амын амьсгалын тогтолцооны зарим өвчин, 10 000 хүн амд ногдохоор, 2008-2018 /Статистикийн мэдээллийн нэгдсэн сан/

Хэвийн амьсгалын үед агаар нь хамар болон амаар орж цаашлаад цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолойгоор (бронхи) дамжин бронхиол гэж нэрлэгддэг жижиг гуурсан хоолойд хүрдэг. Бронхиолын төгсгөлд цулцан гэж нэрлэгддэг агаарын жижиг уутнууд байх бөгөөд хялгасан судаснуудыг агуулсан нимгэн сүвэрхэг ханатай.

Ам болон амьсгалын дээд зам таны амьсгалж буй агаараар дамжин бичил биетэнд (вирус, бактери гэх мэт) байнга өртөж байдаг ч биеийн дархлааны систем, хамар хоолойн бүтэц (агаардах бичил биетэн, жижиг тоосонцорыг уушгинд орохоос сэргийлдэг), ханиалгах чадвар, гуурсан хоолойн нарийн үс шиг бүтэц буюу цилиа зэрэг нь тэдгээр бичил биетнийг уушгируу орж хатгалгаа үүсгэхээс сэргийлж байдаг. Хэрэв таны биеийн хамгаалах тогтолцоо буюу дархлаа сул байх олон тооны эсвэл хоруу чанар өндөртэй халдвар үүсгэгчтэй тулгарвал уушгины хатгалгаагаар өвдөх магадлал ихсэх болно.

Уушгины хатгалгаа нь янз бүрийн бичил биетүүд, тухайлбал вирус, бактери, мөөгөнцөрөөс үүдэлтэй байж болно. Дэлхий дахинд уушгины хатгалгааны хамгийн түгээмэл бактерийн шалтгаан нь Streptococcus pneumoniae (мөн пневмококк гэж нэрлэдэг) бактери юм. Тиймээс:

дээрх зөвлөмжүүдийг мөрдсөнөөр уушгины хатгалгаа үүсэхээс сэргийлэхээс гадна өвдсөн ч хөнгөн өвдөх юм.

Хэрвээ та уушгины хатгалгаа үүсгэдэг бактери болон вирусын халдвар өндөртэй бүс нутгаар аялсан эсвэл covid-19 халдвартай хүнтэй ойр байсан бол харьяа өрх, дүүргийн эмнэлэгтээ мэдэгдээрэй.

Уушгины хатгалгааны нийтлэг шинж тэмдэгүүд:

  • Халуурах, чичрүүдэс хүрэх
  • Амьсгал давчдах
  • Амьсгалах үед цээжээр өвдөх
  • Амьсгал болон зүрхний цохилт олшрох
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Ихэвчлэн ногоон эсвэл шар заримдаа зэв шиг өнгийн цэртэй ханиалгах
  • Сэтгэцийн өөрчлөлт (ухаан балартах, төөрөгдөх)

Халууралт нь ихэвчлэн 38ºC дээш байдаг ч өндөр настай хүмүүст халуурах шинж тэмдэг бүдэг илэрдэг. Хэрвээ таньд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал өөрийн харьялалын өрх болон дүүргийн эмнэлэгтээ хандан шаардлагатай шинжилгээ, эмчилгээг хийлгээрэй.

Цээжний рентген зураг - Хэрэв таны эмч таны шинж тэмдэг, үзлэгт үндэслэн уушгины хатгалгаатай гэж үзвэл таны уушгийг харахын тулд цээжний рентген зураг авахуулна. Шаардлагатай тохиолдолд компьютер томографи (CT) мөн хийлгэнэ. 

Цэрний шинжилгээ - Зарим тохиолдолд эмч таны цэрийг шинжилж болно. Цэрний шинжилгээнд таныг ханиалгах замаар цэрийг цуглуулж цэрний дээж авна. Цэрний өсгөвөр нь уушгины хатгалгаа үүсгэсэн бичил биетнийг тодорхойлоход хэрэглэгддэг бөгөөд хэрэв бактерийн шалтгаантай бол аль антибиотик нь хамгийн үр дүнтэй болохыг тодорхойлоход тусалдаг.

Шээсний шинжилгээ - Шээсний шинжилгээ нь Streptococcus pneumoniae болон Legionella pneumophila гэсэн хоёр бактериас үүдэлтэй уушгины хатгалгааг оношлоход тустай. Шинжилгээний хариу хурдан гардаг давуу талтай.

Цусны ариун чанар (өсгөвөр) - Цусны өсгөвөр нь уушгинаас цусруу халдвар тархсан эсэхийг тодорхойлоход ашигладаг. Цусанд бактери байх ёсгүй бөгөөд венийн цуснаас дээж авч бактериологийн шинжилгээ хийдэг. Цусны өсгөвөр нь уушгины хатгалгаа үүсгэж буй бактерийг тодорхойлж тохиромжтой антибиотикийг сонгоход чиглэгддэг.

Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжилт - Уушгины хатгалгаа нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулдаг. Цусан дахь хүчилтөрөгчийн түвшинг ихэвчлэн хуруу эсвэл чихэнд наалддаг жижиг хавчаараар хэмждэг ба хүнд хүмүүст хүчилтөрөгчийн түвшинг артерийн цусны дээжийг шинжилгээнд авах замаар хэмжиж болно.

Бронхоскопи - Уушгины хатгалгаа нь хүндэрсэн эсвэл антибиотик эмчилгээ хийлгэсэн ч эмнэлэгт хэвтэх хугацаандаа сайжрал өгөхгүй биеийн байдал улам дорддог хүмүүст нэмэлтээр хийгддэг.

Эмчилгээний гол зарчим нь халдварыг эмчлэх, хүндрэлээс сэргийлэх явдал бөгөөд гарааны эмчилгээ нь тухайн үүсгэгчийн эсрэг антибиотик эмчилгээ юм. Эмчилгээний ерөнхий зарчим нь:

  • Халдварын эсрэг антибиотик эмчилгээ (гэрийн эмчилгээнд амаар уух)
  • Цэр ховхлох, шингэлэх (Карбоцистейн)
  • Хүчилтөрөгч эмчилгээ зэрэг орно.

Ихэнх хүмүүс антибиотик эмчилгээ хийснээс хойш 3-5 хоногийн дараа сайжирч эхэлдэг. Биеийн байдал сайжирч буйг ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдгүүд багасах байдлаар тодорхойлж болно. Заримдаа бага зэргийн ханиалга нь нэг сар ба түүнээс дээш хугацаанд үргэлжилдэг ч ихэнх хүмүүс долоо хоногийн дотор ердийн байдалдаа орж чаддаг.

        Гэртээ эсвэл эмнэлэгт эмчлүүлж байгаа эсэхээс үл хамааран өөртөө анхаарал тавих нь чухал юм. Үүнд шөнийн цагаар хангалттай нойр авах, шаардлагатай бол өдрийн цагаар унтаж амрах зэрэг орно. Мөн шингэн алдалтаас сэргийлхийн тулд шингэнээ сайн уугаарай. Эмийн эмчилгээ эхэлснээр хэд хоногийн дараагаас биеийн байдал сайжирч эхэлсэн ч антибиотикоо хугацаагаар нь дуустал нь уухаа мартуузай.

        Хэрэв эмчилгээ хийлгэсний дараа таны шинж тэмдгүүд сайжрахгүй байх эсвэл биеийн байдал муудвал харьяа өрх, дүүргийн эмчдээ яаралтай хандаарай.

Бага насны хүүхдэд цэр ховхлох массажийг хэрхэн хийх вэ?

Массаж хийх үед хүүхдийг бүрэн нүцгэлэхгүйгээр биеийн доод хэсгийг өмд, хөнгөн бүтээлэг зэргээр хучин дулаан байлгана.

  1. Хүүхдийг доош харуулж байрлуулахдаа цээжин бие нь бөгсөн биенээс доор түвшинд байхаар байрлуулна. Ингэхдээ хэвлийн доор дэр тавьж болно.
  2. Хүүхдийг доош харуулсан байрлалаас хурууны өндгөөр нурууг зөөлөн үрэх хөдөлгөөнөөр нурууны гол болон нурууны 2 талыг дагуулан иллэг хийнэ.
  3. Үүний дараа хуруунуудаа салангид байрлуулан хурууны өндгөөр иллэгийг хийнэ. Хүүхдийн арьс улайж эхлэвэл байрлалыг сольж дээш нь харуулан иллэгийг үргэлжлүүлнэ.

Цээжний иллэгийг хийхдээ цээжний төвөөс захруу чиглэлтэй хийнэ. Мөн хавирга хооронд хурууны өндгөөр зөөлөн товших маягаар хийнэ.

        Уушгины хатгалгаа ихэвчлэн хүндрэлгүйгээр эмчлэгддэг хэдий ч зарим хүмүүс ялангуяа өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст (дээр дурдагдсан) хүндрэл үүсэж болно. Үүнд:

Шингэний хуримтлал – Уушгины гялтан хальсанд шингэн хурж гялтангийн үрэвсэл үүсгэнэ. Энэ тохиолдолд шингэнийг гадагшлуулахын тулд ихэвчлэн мэс засал хийх шаардлагатай болно.

Буглаа – Халдвар авсан уушгины хэсэг дэх үрэвсэл явсаар буглааг үүсгэдэг. Үүнийг ихэвчлэн антибиотикоор эмчилдэгч ховор тохиолдолд мэс заслын аргаар авах шаардлагатай болдог.

Бактериеми - Уушгины хатгалгааг үүсгэгч халдвар уушгинаас цусны урсгал руу тархах үед бактериеми үүсдэг. Халдвар нь цусны урсгалаас бусад эрхтэнд хурдан тархдаг тул маш ноцтой хүндрэлүүдийг дагуулдаг.

Зүрх судасны эмгэгүүд - Зарим судалгаагаар уушгины хатгалгаа өвчнөөр өвчилсөн хүмүүс эдгэрэх үедээ болон дараа нь хэдэн жилийн турш зүрхний шигдээс гэх мэт зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг нь тогтоогдсон.

        Уушгины хатгалгаа нь бүрэн эдгэрдэг ч гэсэн зарим тохиолдолд амь насанд аюултай өвчин юм. Эмнэлэгт хэвтсэн хүмүүс, ялангуяа эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүмүүст нас барах эрсдэл өндөр байдаг. Тиймээс хэрвээ таньд уушгины хатгалгааны шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, дүүргийн эмчдээ цаг алдалгүй үзүүлж аль болох хурдан эмчилгээг эхлэх шаардлагатай.

Хэрвээ та уушгины хатгалгаатай гэж сэжиглэж байвал аль болох хурдан эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Уушгины хатгалгаа нь 65-аас дээш настай, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, эрүүл мэндийн асуудалтай, дархлаа суларсан хүмүүст амь насанд ч аюултай нөхцөлд хүргэдэг тул хэрэв танд дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл та яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай.

  • Ханиалгалт болон халуун буурахгүй улам муудах
  • Тайван үед ч амьсгал давчдах
  • Амьсгалах үед цээжээр өвдөх
  • Ханиад хүрсэний дараа биеийн байдал гэнэт муудах
  • Сэтгэцийн өөрчлөлт илрэх

Пневмококкийн эсрэг вакцин нь уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Томуугийн вакцин нь зөвхөн томуугаас урьдчилан сэргийлэх төдийгүй болзошгүй хүндрэл, түүний дотор уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн тамхи татахгүй байх нь уушгины хатгалгаа болон бусад эрүүл мэндийн асуудлаас сэргийлэх бас нэг чухал арга юм. Хэрэв та астма, зүрхний шигдээс, чихрийн шижин зэрэг суурь архаг өвчтэй бол эдгээр өвчнүүдээ хянах нь уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална.

Халдвартай тэмцэх - Уушгины хатгалгаа нь агаар дуслаар дамждаг тул уушгины хатгалгаатай хүмүүс гэр бүл, найз нөхөдтэйгээ нүүр тулан харилцахыг хязгаарлах хэрэгтэй. Халдвар тархахаас сэргийлэхийн тулд ханиах, найтаах үедээ ам, хамраа салфеткагаар сайтар таглах, хэрэглэсний дараа шууд салфеткагаа хаях эсвэл ханцуйндаа (тохойн дотор талд) найтаах, ханиалгах нь шүлс, шүүрэл цацахаас сэргийлэх бас нэг арга юм. Мөн гараа тогтмол савантай усаар угаах эсвэл спиртэнд суурилсан гар ариутгагч хэрэглэх, амны хаалт зүүх зэргээр сэргийлэх бүрэн боломжтой.